ҮР ХӨВРӨЛ

ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ГЭЖ ЮУ ВЭ?

Сүүн тэжээлт амьтдын эхийн хэвлий дэх хөгжлийг 3 үе шат болгон хуваан судалдаг. Үүнд:
1.    Эвсэл эсийн хөгжлийн үе
2.    Үр хөврөлийн хөгжлийн үе
3.    Хээлийн хөгжлийн үе
Үр тогтсоноос эхлээд бластоцист эвсэл эсийн тунгалаг бүрхүүлээс чөлөөлгдөх хүртэлх үеийг эвсэл эсийн хөгжлийн үе гэнэ. Энэ үеэс эхлээс эхэс үүсэх хүртэлх үеийг үр хөврөлийн хөгжлийн үе хэмээн ангилж үздэг. Үүнээс үзэхэд бидний шилжүүлэн суулгах зүйл хөврөл биш эвсэл эс болох нь тодорхой юм. Гэвч дэлхий нийтээр “хөврөл шилжүүлэн суулгах” гэсэн ойлголт гүн шингэж, өргөн тархаж энэхүү нэр томъёог ашиглаж нэгэнт хэвшсэн тул бид ч мөн үүнийг хэрэглэхээс өөр аргагүй юм.
Донор хээлтэгчийн үржлийн эрхтнээс гаргаж авсан эвсэл эсийг эсвэл гадаад орчинд өсгөвөрлөсөн хөврөлийг (эвсэл эс) тээгч малын савны эвэрт багажийн тусламжтайгаар оруулж, зохимлоор хээл тээлгэх биотехнологийн аргыг хөврөл шилжүүлэн суулгах гэнэ.
Хөврөл шилжүүлэн суулгах аргын гол зорилго нь арвин ашиг шимт болон тоо толгой нь цөөрч, удмын сан нь алдагдахад хүрсэн хээлтэгчийн нөхөн үржих чадварыг боломжийн дээд түвшинд ашиглах замаар түүний үр төлийн аль болох олноор нь өсгөн бойжуулж, богино хугацаанд сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх явдал юм.
Орчин үед дааврын боловсруулалтыг оновчтой хэрэглэж, зохистой үрлэх замаар эх малаас нэг удаад 3-40 хүртэл үр тогтсон эвсэл эс гаргаж авах боломжтой юм. Дааврын боловсруулалтыг давтан ашиглаж нэг хээлтэгчээс жилд ба амьдралын турш авах хөврөл болон төлийн тоог эрс нэмэгдүүлэх боломжтой. Энэ аргын тусламжтайгаар үнээнээс нэг удаад дунджаар 12 хөврөл авч болно. Дааврын боловсруулалтыг оновчтой хэд хэдэн удаа хийж, авсан хөврөлүүдийг бусад хээлтэгчид шилжүүлэн суулгах замаар жилд нэг үнээнээс ойролцоогоор 50-130 тугал авах боломжтой болохыг эрдэмтэд өөрсдийн туршилт, судалгааны ажлаараа батлаад байна.
Хөврөл шилжүүлэн суулгах биотехнологийн орчин үеийн амжилт, дэвшилд тулгуурлан энэ аргыг мал аж ахуйн дараах чиглэлүүдээр ашиглах нь ач холбогдолтой болохыг тогтоож болохоор байна. Үүнд:
1.    Удамшлын болон үржлийн хувьд онцгүй үнэ цэнэтэй арвин ашиг шимт малын үр удмыг олон тоогоор өсгөн үржүүлэх. Энэ ач холбогдлыг хоёр зорилгоор ашиглаж болно.
a.    Үнэт хээлтүүлэгчийн эхээс болон бүх талаар шилэн сонгогсдсон хээлтэгчээс бойжуулах төлийн тоог нэмэгдүүлэх
b.    Удамшил, үржил, ашиг шимээр өндөр чадвартай охин төлийн тоог өсгөн үржүүлэх замаар арвин ашиг шимтэй цөм сүргийг бий болгох
2.    Онцгой ашиг шимтэй, өвчинд тэсвэртэй, хурдан өсөлттэй, ховордсон гэх мэт мал, амьтны генийн санг бий болгох, бүрдүүлэх
3.    Арвин ашиг шимт хээлтэгчийг нядлахын өмнө өндгөвчнөөс нь өндгөн эсийг ялган авч өсгөвөрлөн ашиглах замаар түүний үр удмыг хадгалан үлдэх
Үр хөврөлийг удаан хугацаагаар гүн хөлдөөж хадгалах арга боловсруулагдсанаар, түүнийг улс, тив хооронд тээвэрлэн ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, амьд малын оронд тусгай саванд хийж хадгалсан хөврөлийг нэг улсаас нөгөөд төвөггүй тээвэрлэж, маш их хэмжээний зардал хэмнэж боломжтой. Нөгөөтэйгүүр, тээвэрлэн авчирсан хөврөлийг нутгийн хээлтэгчид шилжүүлэн суулгаж, тухайн бүс нутагт дасан зохицсон удамшлын болон үржлийн үнэт чадвартай олон төл хүлээн авч бойжуулах боломж нээгдэх юм.

Back to top button