ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ

МАЛЫН ЗОХИОМОЛ ХЭЭЛТҮҮЛЭГ

Малын зохиомол хээлтүүлэг гэдэг нь удам зүйн хувьд бусдаас давамгай үржлийн үнэт чанар бүхий шилмэл хээлтүүлэгчээс технологийн дагуу үрийг нь авч,  хадгалаад хээлтэгч малын орооны үед үр тогтоох зорилгоор нөхөн үржихүйн эрхтэн системд зохиомлоор шахах арга ажиллагаа юм. Энэхүү арга нь шилмэл хээлтүүлэгчийн тоо толгойг олшруулахад ашиглагддаг биотехнологийн шинжлэх ухааны хамгийн хямд, хялбар  арга бөгөөд гэрийн тэжээвэр амьтны удам зүйг сайжруулахад өргөн хэрэглэгддэг.
Зохиомол хээлтүүлгийн давуу талууд:
–    Шилмэл хээлтүүлэгчийн удам зүйн дэвшлийг богино хугацаанд олон тооны хээлтэгч малд хүртээн ашиг шим сайтай олон малтай болох боломжийг бүрдүүлдэг.  Дур зоргын хээлтүүлэгт нэг бухыг сайндаа л 3-5 жил ашиглаж, хамгийн ихдээ 200 тугал авах боломжтой бол зохиомол хээлтүүлэгт ашиглах шилмэл бухнаас 200,000-250,000 тугал авах боломж бий.
–    Зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан төлийн ашиг шим өмнөх үеэс илүү байдаг. Учир нь үржлийн үнэт чанараар үнэлэгдэж үр удамдаа үржил, ашиг шимийн сайжралтыг баттай удамшуулах шилмэл хээлтүүлэгчийн үрийг ашигладаг.
–    Үргүйдэл, сувайралтын үндсэн шалтгаан болох нөхөн үржихүйн замын өвчин эмгэг дамжин халдварлахаас найдвартай урьдчилан сэргийлдэг. Учир нь эрүүл мэндийн бүрэн үзлэгт оруулан эрүүл гэдэг нь баталгаажсан шилмэл хээлтүүлэгчээс ариун цэвэр, эрүүл ахуйн чанд дэглэмийн дор авсан үр ашигладгаас гадна зохиомол хээлтүүлэг хийхдээ нэг удаагийн хэрэглээний цэвэр бээлий, гуурс зэргийг хэрэглэдэг.
–    Үржүүлгийн бусад аргаас хямд зардалтай.  Сүрэгтэй ердийн хээлтүүлэгт ашиглах бухыг 3-5 жил байлган, тэжээж, арчилан сувилах, маллах зардал малчнаас гарахгүй.
–    Хээл авалтын хувь өндөр.
–    Үнээг хээлтүүлсэн хугацаа тодорхой тул саалинд хамрагдах хугацаа, ширгэлт, төллөлт гэх мэт аж ахуйн менежментийг зөв төлөвлөхөд боломжтой.

Малын зохиомол хээлтүүлгийн хөгжлийн түүхэн замналаас товчдурдвал манай эринээс 800 жилийн урагш эртний ассирууд гүүг азарга гишгэсний дараагаар гүүний үтрээн дэх үрийн шингэнээс саваагаар авч өөр гүүний үтрээнд гүн хийж чанартай мал гаргаж авсан тухай домог бий. Арабын түүхэн шастирт манай эриний 286 онд Хойд Африкийн цөлийн нэгэн   нүүдэлчин эр өөрийн дайсны угшил сайтай азарганаас төл авахын тулд дайсныхаа нэг гүүний үтрээнд адууны багц хөөвөр нууцаар шургуулан  азаргатай эвцэлдсэний дараагаар нь нөгөө хөөврөө авч өөрийнхөө гүүний үтрээнд гүн оруулан гүүгээ зохиомлоор хээлтүүлсэн тухай тэмдэглэгджээ.
Монгол улс нь хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах, хүнс, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх арвин ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн аргыг 1953 онд анх нэвтрүүлж 1958 онд  “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулснаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийг суурь тавигдсан юм.

Back to top button