ҮР ХӨВРӨЛ

МАЛД ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЖЛЫН ТҮҮХЭН ТОЙМ

XIX зууны сүүлчээр буюу 1890 оны 4-р сард Англи улсын Кимбриджийн их сургуульд Вольтер Хипп цэвэр Ангор үүлдрийн туулайн саванд шилжүүлэн суулгаж, 6 амьд бүжин төрүүлсэн үеэс хөврөл шилжүүлэн суулгах эрин эхэлсэн гэж үздэг. ОХУ-ын Мал аж ахуйн хүрээлэнд туулайд хөврөл шилжүүлэн суулгах ажилбарыг 1936 оноос А.Д.Бериштейн анх хийж, 1945 онд А.М.Саркисян үргэлжлүүлэн хийсэн байна.

1940-өөд оны сүүлч 1950-аад оны эхээр тус улсад мал амьтдын хөврөлийг шилжүүлэн суулгах талаар ихээхэн амжилт олов. Тухайлбал 1950 оны 3 сард Полтав дахь бүх холбоотын гахайн аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд А.В.Квасницкий анх удаа тус аргаар анхны торой гаргаж авсан. Мөн онд бүх холбоотын хонь, ямааны аж ахуйн хүрээлэнд А.И.Лопырин, Н.В.Логвинов нар анхны хөврөл шилжүүлсэн хурга гарган авчээ

Дараа нь гадаадын бусад оронд хонинд хөврөл шилжүүлэн хурга авч эхэлсэн байна.(Г.Л.Хюнтер бусад 1954)

АНУ-д 1951 онд анхны тугалыг мэс заслын аргаар (Л.Р.Виллет нар) шилжүүлэн авсан бол Англид 1964 онд (Л.Р.Муттер нар) мэс заслын бус аргаар шилжүүлсэн анхны тугал гарчээ.

Гэвч 1970-аад оны эх хүртэл мэс заслын ялангуяа мэс заслын бус аргын үр дүн төдий л хангалтай бус байлаа.

Харин 1972 онд Кембриджийн их сургуулийн Л.Е.Роусон бусад эрдэмтдийн хамт мэс заслын өндөр үр дүн бүхий (75-91% хүртэл тээгч үнээний хээл авалттай) арга боловсруулсан тухай мэдээлэл гарсан юм. Үүний зэрэгцээ хөврөлийг өсгөвөрлөн олшруулах, тэдгээрийг шилжүүлэн суулгахын өмнө хүйс тодорхойлох асуудлыг судалж байжээ.

1964-1976 он хүртэл тээгч үнээний савны хүзүүвчинд хөврөлийг суулгаж байсан боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад 1960-аад оны сүүлчээр махны Шароле үүлдрийн үхрийн хөврөлийг худалдааны зорилгоор олшруулж, шилжүүлэн суулгаж эхэлсэн байна.

Англи улсад 1973 онд гүн хөлдөөсөн хөврөлийн анхны тугал гарсан ба 1974 онд хөврөл шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэг байгуулагдаж, түүнд 35 орны 830 гаруй гишүүд нэгджээ. Энэ нийгэмлэгийн гишүүнээр манай улсаас доктор, дэд профессор М.Цэнд-Аюуш 1999 оноос сонгогдон ажиллаж байсан.

Манай улс 1988 онд хөлдүү хөврөлийн анхны тугалыг гарган авч байсан. Харин яманаас хөврөл шилжүүлэн суулгах аргаар 1979 онд анхны ишгийг авч байсан. 1979-1999 он хүртэл олон зуун ямаанд хөврөл шилжүүлж, хөврөл хөлдөөх туршилт амжилттай болсон.

Хөврөл шилжүүлэх шинэ эрин үе 1979 онд буюу Английн Кембриджийн их сургуулийн профессор С.В.Вилладсоны аргаар хониноос олон эвсэл эсийн хослол бүхий анхны хургыг хүлээн авснаар нээгдсэн гэж үздэг. Хоёр жилийн даруу буюу 1981 онд анхны ийм тугалыг дээрх судлаачид гарган авсан бол ХБНГУ-ын профессор Ж.Хан, доктор Р.Роселиус нарын удирдлагаар хөлдөөсөн хөврөлийн анхны тугалыг 1978 онд гарган авч байжээ.

Хөврөл шилжүүлэн суулгах ажил нь бог малыг бодвол бод мал дээр илүү их хийгдсэн байдаг. Дэлхийд 2012 онд үхэрт бараг 900,000 хөврөл шилжүүлэн суулгасан байдгаас, 1013-ийг хонь болон ямаанд шилжүүлэн суулгасан байдаг. Цаашлаад бог малаас хөврөл үйлдвэрлэхэд зах зээл болон худалдааны хүчин зүйлүүд хязаарлаж байна. Хонь, ямаанаас хөврөл угаах, шилжүүлэн суулгах арга нь дурангийн болон мэс заслын арга технологиор хийдэг ба үүний бүрэлдэхүүн хэсгүүд нь харьцангуй өндөр үнэтэй байдаг.

Сүүлийн жилүүдэд шинэ технологиуд нэвтэрч, дурангийн аргаар хөврөл шилжүүлэн суулгах ажлууд хийгдэж, хөврөлийн судалгааг нарийсган бичил ажилбаруудыг ихээхэн сонирхох болсны зэрэгцээ, хээлтэгчийн нөхөн үржихүйн ажиллагааг орчин үеийн технологийг ашиглан идэвхижүүлэх болжээ.

Back to top button