2017 ОНД ХЭЭЛТҮҮЛЭГЧ МАЛААС ҮР ҮЙЛДВЭРЛЭН /-196 ГРАДУСТ/ ГҮН ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ АЖЛЫН ҮЙЛ ЯВЦ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагааны нэг нь үр үйлдвэрлэл юм. “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4.2.3, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.2.2.2 дэхь зорилтын дагуу үр үйлдвэрлэх үйл ажиллагааг явуулж байна.
Шилмэл хээлтүүлэгч малаас технологийн дагуу үр авч, генийн санд хадгалах ажил нь 2 үндсэн зорилготой.
1. Монгол улсад албан ёсоор баталгаажсан 45 гаруй үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах стратегийн зорилгоор эдгээр үүлдрийн шилмэл хээлтүүлэгчээс үр авч, гүн хөлдөөн үндэсний генийн санд хадгалах.
2. Зохиомол хээлтүүлэгт ашиглах зорилгоор Монгол оронд гадаад орноос импортлон оруулж, нутагшуулж, цэврээр үржүүлж буй өндөр ашиг шимтэй хээлтүүлэгч малаас үр үйлдвэрлэх.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төв нь 2017 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүрээнд “Газар-Агро”ХХК-ийн ОХУ-ын Алтай мужаас цэврээр нь импортлон оруулан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт цэврээр үржүүлж буй махны чиглэлийн Герефорд үүлдрийн шилмэл 10 бухнаас үр үйлдвэрлэх ажлыг явуулын лабораториор газар дээр нь зохион байгууллаа.
Үр үйлдвэрлэлд ашиглах бухыг урьдчилан сурган, арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийг мөрдүүлэн үр үйлдвэрлэх ажлын бэлтгэлийг сайн хангасны үндсэн дээр үр авч, савлаж, хөлдөөх ажлыг хийж, 12,0 мянган тун үрийг стандартын дагуу үйлдвэрлээд байна. д
Манай мал зүйч, эрдэмтэд, малчдын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн дүнд бий болж 80-аад онд үүлдрээр баталгаажсан Сэлэнгэ үхрийн тоо толгой буурч, үүлдэрлэг байдал нь алдагдан, ашиг шим нь буурч байгаа өнөө үед тус компани ОХУ-аас Герефорд үүлдрийн үхрийг цэврээр нь оруулж ирсэн нь махны үхрийн үржүүлгийн ажилд чухал ач холбогдолтой ажил болсон байна.
Малын удмын сангийн үндэсний төв, “Газар-Агро” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй энэ ажлын дүнд үйлдвэрлэсэн үрийг Монголын махны үхрийг үржүүлэх бүс нутаг болон Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Хушаат сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд үржүүлж буй Сэлэнгэ, Казакын цагаан толгойт үүлдрийн үхрийн үржлийн чанарыг сайжруулахад зохиомол хээлтүүлэгт ашиглах юм.
Мөн ажлын хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Дорнод аймаг дахь цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй Барга үүлдрийн үржлийн хээлтүүлэгчээс 4,0 мянган тун үрийг үйлдвэрлэсэн нь тоо толгой нь цөөрч, үржлийн чанар нь буурч байгаа Барга хонины зохиомол хээлтүүлгийн ажилд ашиглах үржүүлгийн чухал бүтээгдэхүүн болох юм.