“ҮРЖИЛ, АШИГ ШИМИЙН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ-МАЛЫН ЧАНАР 2017” ЗӨВЛӨГӨӨН

Эх сурвалж: МУСҮТ
2017.12.22
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр МУСҮТ-ийн Үйлдвэрлэл, технологийн албанаас сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй фермүүдийн бүртгэлийг орон нутагт хийдэг 15 үржлийн тоо бүртгэгч, 10 зохиомол хээлтүүлгийн техникчдийг оролцуулан “Үржил, ашиг шимийн бүртгэл, мэдээлэл-Малын чанар” нэртэй зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны БТГ-ын Мал аж ахуйн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ph.D Г.Сувдаа “Генетик нөөцийн тухай хууль”-ийн танилцуулга, МЭҮГ-ын Мал үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн “Малын үржлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийж оролцлоо.
Зөвлөгөөнөөр сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, сүүний үхрийн аж ахуй эрхлэх талаар төрийн бодлого, сүүний үхрийн гарваль, ашиг ашиг шимийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэхийн ач холбогдол, мэдээллийн сангийн 2017 оны бүрдүүлэлт, үхрийн зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээний үр дүн 2017 оны тайлан, гэрээт тоо бүртгэгч, мал үржүүлгийн техникчдийн гэрээний биелэлт, бүртгэл мэдээлэл цуглуулах болон зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, бүртгэл, мэдээлэл, үхрийн зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээний 2018 оны ерөнхий төлөвлөлт зэргийг хэлэлцлээ. Мөн 2017 онд Сүүний үхрийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлууд- /Анх бүртгэлд орсон зарим ферм малаа зарж саалийн аж ахуй эрхлэхээ больсон, зарим ферм малаа цөөлсөн, ээмэг нь унасан үхрийг дахин ээмэгжүүлэх ээмэггүй, шинэ гунж, тугал ээмэггүй болохоор хяналт хийж болдоггүй, сум, орон нутгийн удирдлага ойлголт муутай учраас дэмжлэг үзүүлдэггүй /-ыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг хийн цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдөв.
2017 онд мэдээллийн санд 16 ферм, 434 тугал, 2,100 зохиомол хээлтүүлэг, 12,752 сүүний гарц, 12,752 сүүний бүрэлдэхүүний үндсэн үзүүлэлтүүд (тос, уураг, цахилгаан дамжуулах чадвар), 1,745 үхрийн амьдын жингийн бүртгэлийг буюу нийт дүнгээр 41,600 /дөчин нэгэн мянга зургаан зуу/ тоон мэдээллийг орон нутагт ажилласан тоо бүртгэгч нар цуглуулан гэрээгээр хүлээсэн үүргээ 77,3 хувиар биелүүлэн мэдээллийн санг баяжуулсан байна. Энэ онд 2100 үнээг зохиомлоор хээлтүүлж, хээл авалт 74.8 хувьтай байсан ба Төв аймгийн Батсүмбэр сумын зохиомол хээлтүүлгийн техникч П.Наранбаатар мал үржүүлгийн техникч нараа тэргүүлсэн бол Төв аймгийн Борнуур сумын зохиомол хээлтүүлгийн техникч Д.Гэндэндарам удаах байрыг эзлэв.
“Сүүний үхрийн гарваль, ашиг шимийн мэдээллийн сан”-д энэ онд 10,360 тоон мэдээллийг өөрийн хариуцсан фермерүүдээс цуглуулж ирүүлсэн СХД-ийн 21-р хорооны Жаргалант, Аршаантын хэсгийн үржлийн тоо бүртгэгч-Сүү шижлэгч н.Алтангэрэл, 7,228 тоон мэдээлэл цуглуулж ирүүлсэн Төв аймгийн Архуст сумын тоо бүртгэгч Д.Наранцэцэг нар сар бүр мэдээллийн санд шаардлагатай бүрэн мэдээллийг цуглуулах ажлын эрчийг сулруулалгүй гүйцэтгэж тоо бүртгэгч нараа манлайлжээ.