Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааны танилцуулга
Тус байгууллага нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 31 дүгээр тогтоолоор “Зохиомол хээлтүүлгийн станц” нэртэйгээр анх байгуулагдсанаар Малын удмын сангийн төвийн үйл ажиллагааг нь эхэлсэн түүхтэй.
Монгол Улсын Их Хурал 2017 онд Малын генетик нөөцийн тухай хуулийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хуульд заасны дагуу Малын удмын сангийн үндэсний төвийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд малын генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага хэлбэрээр ажиллуулж байна.
Малын удмын сангийн үндэсний төв нь Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу Монгол малын үндэсний генийн санг Үндэсний, Бүс нутгийн, Төрөл зүйлийн төвшинд бүрдүүлэн сайжруулж, тэдгээрийг доройтох, мөхөх, устахаас хамгаалах, бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах, дэлгэрүүлэх, мал үржүүлгийн технологийн мэргэжилтэн сургаж бэлтгэх, үүлдэр, омгийн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул, генетикийн шинжилгээ хийх зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага юм.
Монгол Улсын Засгийн газраас Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, малын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг дэлхийн жишиг, технологид нийцүүлэн өргөн цар хүрээтэйгээр явуулах үндэсний чадавхыг бий болгох зорилгоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт нийт 22,3 га газарт Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборын барилга, байгууламжийн нэгдүгээр ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвийн нийт 16,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэн 2018 онд ашиглалтад оруулсан нь Хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт болсон юм. Уг төвийн барилга байгууламжид орчин үеийн дэвшилтэд техник, технологи бүхий биотехнологи, молекул генетик судалгааны болон арвин ашиг шимт малын үр, хөврөл үр үйлдвэрлэлийн лаборатори, донор болон тээгч малын зориулалтын байр байгууламжууд бий болгосноор Монгол малын чанар сайжруулах ажилд биотехнологийн судалгаа, шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн ажлыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэх боломжийг бүрдүүлээд байна.
Одоогоор Малын удмын сангийн үндэсний төвийн бүтцийн 3 алба, 11 аймаг дахь цөм сүргийн салбар нэгжид нийт 34 хүний орон тоотой ажиллаж Монгол Улсын малын чанарыг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэх, тоо толгой нь цөөрч удмын сан нь алдагдах хэмжээнд хүрсэн малаас үр үйлдвэрлэж үндэсний генийн санд гүн хөлдөөж хадгалах, дотоод, гадаадын арвин ашиг шимт хээлтүүлэгч малаас үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан үр болон шингэн азот нэрж, мал үржүүлгийн техникч, мэргэжилтнүүдийг тасралтгүй хангах, малын нөхөн үржихүйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх болон давтан сургах, орон нутгийн цөм сүргийн салбар нэгжүүдээс тухайн үүлдэр, омгийн малын стандарт, шаардлагад тэнцсэн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч малыг бойжуулан сум, аймаг, бүс нутгийн хэрэгцээнд нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг малын үржлийн ажлын хугацаанд нь төлөвлөгөө, графикийн дагуу хийж, гүйцэтгэж байна.
Манай байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээнд бидэнтэй ажиллах хэн бүхэнд манай үүд хаалга байнга нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байх болно.
Монгол малын чанар, ашиг шим нь мөнхөд сайжирч, арвин буян нь дэлгэрэх болтугай.
МАЛЫН УДМЫН САНГИЙН
ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ П.ГАНХУЯГ